ЭМШУИС

зүрхний бах

 1.Зүрхний бах

(Schemic heart disease, angina pectoris)

                                            

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ зүхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондох тэнцвэрт байдал алдагдахыг зүрхний бах гэнэ.

 

Шалтгаан.

·         Титэм судасны атеросклероз

·         Титэм судасны агчил

·         Цус бүлэгнэлтийн болон бүлэгнэлтийн эсрэг тогтолцоонд өөрчлөлт орсноос зүрхний цусан хангамжийн алдагдал

·         Титэм судас тромб, эмболоор бөглөрөх хүчин зүйл нь стенокардийн шалтгаан болно.

Үүнээс гадна зүрх судасны тогтолцооны өвчин эмгэгийн дараах халгаат хүчин зйүлс чухал нөлөөтэй байна.

 

Эмнэлзүй.

Зовиур: Цээжний зүүн хэсэг , өвчүүний араар базаж, нухаж дарж байгаа мэт эвгүй оргино.Энэ өвдөлт хэдэн секундээс 15 минут хүртэл үргэлжлэх ба зүүн гар , дал мөр,зарим үед зүүн талын эрүү ,шүд, чамархайруу дамждаг.Өвдөлтөнд титэм судсыг өргөсгөх үйлчилгээтэй нитратын бүлгийн эм нитроглицерин, нитросорбит зэргийг хэрэглэхэд 5 минутын дотор намддаг.Мөн амьсгал авахад хүндрэлтэй болж агаар дутагдаж буй мэдрэмж төрөх , бие сулрах, өвчтөн айсан царайтай , хөдлөхөөс айсан мэт шинж илэрнэ.

 

Хүндрэл.

·         Зүрхний шигдээс

·         Зүрхний архаг дутагдал

·         Зүүн ховдлыг хурц дутагдал

·         Тромбэмболи

 

Шинжилгээ.

Биохимийн шинжилгээд: холестерин, триглицерид, протромбины индекс ихсэх

ЗЦБ-т: RST сегментийн шилжилт , Т шүдний өөрчлөлт илрэх, зүүн ховдлын томрол, зүрхний хэм ба дамжуулалтын алдагдал бичигдэнэ.

ЭхоКГ-д: зүрхний агшилт хэсэг газар буурах, агшилт, сулралын төгсгөлийн даралт ихсэх, зүрхний цацалтын эзэлхүүн буурах шинж илэрнэ.

 

Эмчилгээ.

1.    Артерийн даралт ихдэлт, атеросклероз, чихрийн шижин зэрэг үндсэн өвчнийг эмчлэх

2.    Титэм судсыг өргөсгөгч нитратын бүлгийн эм ,кальцийн сувгийн хориг эм (нифедипин, верапамил) адреноэргийн үйлчилгээг дарангуйлах (кордарон, амиадарон) эм хэрэглэх

3.    Зүрхний хэм ба дамжуулалтын алдагдлын үед R-адреноблокатор атенолол, пропроналол зэргийг хэрэглэж, зүрхний цусан хангамжийг сайжруулах интенкордин, валидол, дипиридамол зэргийг хэрэглэнэ.

4.    Цусны бүлэгнэлтийг саатуулах ,фибрин хайлуулах тромбоцитийн агрегацийг багасгах зорилгоор Гепарин 5000 ЕД-ээр арьсан дор 8,12,24 цагийн зайтай тарьж хэрэглэнэ.Мөн аспирин 50-100 мг-аар өдөрт 1-2 удаа тогтмол ууж хэрэглэх

Асаргаа сувилгаа

Дэглэм: Хүнд үед хэвтрийн дэглэм. Өрөө тасалгаа гэрэлтүүлэг сайтай, цэвэрхэн, агааржуулалттай, дуу чимээ багатай , хүн цөөтэй өрөө тасалгаанд хэвтүүлнэ.Хөнгөн дулаан даавуун хувцас , нам өсгийтэй гутал өмсөх.Ажил амралтаа зөв зрхицуулж, тайван байх шаардлагатай.Биеийн тамир дасгал хөдөлгөөнийг тохируулан хийх.Архи , тамхи хэрэглэхийг хориглоно.

Хоол: Хэт их идэхээс татгалзах, давс хязгаарласан, амархан шингэх, амин дэм уургаар баялаг, ханаагүй өөхний хүчил агуулсан хоол хэрэглэх.

Сувилгааны онош, үйл ажиллагааны төлөвлөлт

Зүрхний өвдөлт

·         Өвдөлтийн байрлал, өвдөлтийн хэлбэр, дамжилт, хүч, үргэлжлэх хугацааг ойр ойрхон үнэлэн өвдөлт ихтэй үед хэлэн дор нитроглицерин тавих

·         Өвдөлтийг намдтал тайван хэвтүүлэх

·         Хүчилтөрөгчийг хамрын гуурасаар нэг минутанд 4-5 литрээр бодож өгөх

 

       Урьдчилан сэргийлэлт

      Өвчний шалтгаан , нөлөөлөх хүчин зйүл, илрэх шинж тэмдгийг өвчтөн ойлгож мэдсэн байна.Хоол ундыг зөв тохируулах, хэт их идэх, шингэн зүйл уух, өөх тосыг хязгаарлахыг зөвлөнө.Цагаан идээ, ааруул, сүү тараг өргөн хэрэглэх.Биеийн тамираар хичээллэх, биеийн ба оюуны ачааллаас сэргийлэх.

 

2.Зүрхний шигдээс

(myocardial infarction)

 

Зүрхийг тэжээгч титэм судасны туйлын болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг болон хэд хэдэн үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ.

 

Шалтгаан.

·         Титэм судасны хатуурал

·         Титэм судасны тромбоз

·         Титэм судасны агчил

Нөлөөлөх хүчин зүйл:

·         Нас ахих

·         Цусны даралт ихсэх

·         Липид, нүүрс усны солилцоо алдагдах

·         Стресс

·         Тамхи татах

·         ДШ-ийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт

·         Цаг агаарын байдал

·         Зүрхний зохицуулгын аппарат гэмтсэнээс микроциркуляцийн алдагдал үүсэх гэх мэт нь шигдээс үүсэхэд гол хүчин зүйл болно.

 

Эмнэлзүй.

          Шигдээсийн үеийн өвдөлт нь өвчүүний араар тэсэхийн аргагүй, хутгалуулсан мэт маш хүчтэй өвдөх ба, ихэнхдээ зүүн гар, дал, мөрлүү дамжина.Өвдөлт, титэм судсыг тэлэх үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүдэд дарагдахгүй зөвхөн хар тамхины төрлийн маш хүчтэй өвчин намдаагч эмүүдэд дарагдана.Өвдөлт 30 минутаас хэдэн цаг үргэлжлэх ба 1-2 өдөр үргэлжлэн өвдөлтийн эрч ихсэж буурах маягаар үечлэн өвдөнө.

·                Өвчтөн тайван бус, байж ядсан, хүйтэн хөол асгарсан байх, өвчтөний царай цайвар    цонхигор, зарим үед үнсэн саарал өнгөтэй болно.

·                Зүрхний цохилтын тоо олшрох,АД хэвийн заримдаа буурна

·                Зүрхний оройд 1 авиа суларсан зарим тохиолдолд агшилтын шуугиан сонсогдоно.

·                Өвчний эхний хоногт халуурч болно.

 

Хүндрэл.

·                Зүрхний шок

·                зүрх хагарах

·                зүрхний цүлхэн

·                тромбэмболи

 

Шинжилгээ.

Цусны ерөнхий шинжилгээнд:

·                өвчин эхэлснээс хэдэн цагийн дараа лейкоцитийн тоо ихсэж,2-4 дэх өдөрт хамгийн дээд хэмжээнд хүрч  цаашид аажим буурсаар 7 хоногийн дараа хэвийн хэмжээнд хүрнэ.

·                УЭТХ өвчин эхэлснээс хойш 2-4 хоногийн дараагаас ихсэж, 2 дахь долоо хоногт хамгийн их хэмжээндээ хүрч , аажим буурсаар 3-4 долоо хоногт хэвийн хэмжээнд орно.Энэ 2  шинжийг хайчны шинж гэнэ.

Биохимийн шинжилгээнд:АСАТ өвчин эхэлснээс хойш 6-12 цагийн дараа ихсэж 2 хоногт хамгийн их хэмжээнд хүрч , 4-7 дахь хоногт хэвийн хэмжээнд орно.

ЗЦБ-д: Зүрхний шигдээсийн байрлал, үе шат, хэлбэрийг оношилно.Зүрхний шигдээсийн үед үхэжсэн булчингийн ширхэгээр сэрэл дамжихгүй учир R шүд бичигдэхгүй. Шигдээсийн хурц үед ST сегмент цахилгаан шугамнаас дээш өргөгдөн Т шүдтэй нийлж гардаг.

          Шигдээсийн хурцавтар үе шатанд гэмтлийн процесс засагдан шимэгдэж байгаагийн илэрхийлэл нь ST сегмент цахилгаан шугамруу ойртон ирж, Т шүд хасах бичигдэх, сорвижлын үед ST сегмент цахилгаан саармаг шугамтай давхцан , Т шүд эерэг болно.Энэ өөрчлөлт хэдэн долоо хоног сар жилээр хадгалагдах ба хэрэв ST сегмент цахилгаан саармаг шугамруу доош бууж ирэхгүй бол зүрхний цүлхэн үүссэн гэж үзнэ.

ЭхоКГ-д: зүрхний булчингийн үхжлийн гипо болон акинезийн бүс , шигдээсийн дараах сорвижлыг илрүүлдэг.

 

Эмчилгээ.

·                Өвдөлт намдаах: Өвдалтийг хурдан намдаахгүй бол өвдөлтийн шокд орж болдог тул морфин, промедол, фентанил, дроперидолыг хэрэглэнэ.

·                О2-р хангах: өвдөлт эхэлснээс хойш эхний 24-48 цагийн туршид 4л/мин хурдтайгаар чийглэсэн О2-р амьсгалуулна.

·                Тромб хайлуулах, бүлэгнэлтийг саатуулах: Гепарин, аспирин, стрептокиназ, мэтийн фибринолизины үүсэлтийг идэвхжүүлдэг эмүүдийг хэрэглэх

·                Миокардын ачааллыг бууруулах: бетта-блокатор, АХФ-ийг дарангуйлагч эналоприл зэргийг хэрэглэнэ.

·                Титэм судас тэлэгч эмүүд: Нитроглицерин, изосорбит мэт эмийг хэлэн дор тавина.

 

 

Асаргаа сувилгаа

Дэглэм: Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх, том голомтот шигдээсийн үед хэвтрийн хатуу дэглэм сахина.2 дахь өдрөөс эхлэн орон дотроо эргэж тойрно.10 дахь өдрөөс эхлэн орон дээр суулгана.14 хоногоос 2 хөлийг нь унжуулан суулгана.20 хоногоос өрөөнд, 24 хоногоос коридорт, 30 хоногоос шатаар явуулахыг зөвшөөрнө.Жижиг голомтот шигдээсийн үед эхний өдөр орон дотроо эргэж тойрч, 7 хоногоос суулгана, 14 хоногоос өрөөнд, 21 хоногоос шатаар явуулна.Цэвэрлэх бургуй өнжөөд тогтмол тавина.

Өрөө тасалгаа нь дулаан саруул, хүн цөөтэй, дуу чимээ багатай байх шаардлагатай.Хувцас дулаан хөнгөн, чөлөөтэй, дулаан даавуун оймс өмсөнө.

Хоол: Эмчилгээний хоол №10а, хоногийн хоолны илчлэгийг эхний өдөр 1000-1500ккал бодож, хэрэв хүнд хэлбэрийн шигдээс байвал нэг хоногийн турш өлөн байлгана.Илчлэг багатай, шингэц сайтай, витаминлаг хоолыг бага багаар өдөрт 5-6 удаа өгөх.Өөх тостой, хайрсан хуурсан, халуун ногоо, амтлагч, архи, кофе, өтгөн шөл зэргийг хориглоно.Хоолны давсын багасгана.Ногоо, жимсний шүүс, цай зэргийг зөвшөөрнө.Архи уух, тамхи татахыг хориглоно.

 

Сувилгааны онош , үйл ажиллагааны төлөвлөгөө:

Зүрхний өвдөлт

·                Өвдөлтийн хүч, байрлал үргэлжлэх хугацааг 1 цаг тутамд хянах

·                Амьсгал, судасны лугшил, цусны даралт шээсний гарцыг 2 цаг тутамд хянах,

·                Өвдөлт намдаах эмийн бодис хэрэглэж байхад өвдөлт намдахгүй бол эмчид яаралтай мэдээлэх

·                Хүчилтөрөгч эмчилгээг хүнд үед 24 цагийн турш өгөх

Айдас түгшүүр

·                Өвчтөн болон түүний ар гэрийхэнтэй хамтран ярилцаж, сэтгэл санааг дэмжих

·                Өвчтөний асуултанд таарч тохирсон үнэн зөв мэдээлэл өгөх

·                Өвчтөнд өөртөө итгэх итгэл үнэмшлийг төрүүлэх

·                Эдгэрдэг өвчин болохыг сайн ойлгуулж зоригжуулах

Зүрхний эд эсийн перфузын өөрчлөлт:

·                Амин чухал үзүүлэлт болох зүрхний хэм, тоо, цусны даралт , амьсгалын тоог ойр ойрхон үзэх

·                Өвчтөний ухаан санааны байдал, арьсны өнгө халуун хүйтэн, хөхрөлтийн байдал зэргийг ажиглах

·                Өвчтөний зүрхний үйл ажиллагааг зүрхний мониторт тогтмол хянах

·                Уушги болон зүрхэнд шуугиан үүсэж байгаа эсэхийг 4-6 цаг тутамд чагнаж ажиглах

 

Урьдчилан сэргийлэлт.Зүрхний бахтай өвчтөнг эрт илрүүлэх, эмчлэх, хянах, өөх тостой, нүүрс ус ихтэй ххол бага хэрэглэх, архи тамхинаас татгалзах,дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, сэтгэл санаа тайван байх, ажил амралтаа зөв зохицуулах, хоолны дэглэм баримтална.

 

Зүрх судасны эрхтэн тогтолцоог судлах арга:

 

Зовиур:

Зүрх судасны эмгэгийн үед цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ханмалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хавагнах зэрэг үндсэн зовиур, хоолонд дургүй болох, ядрах нойр муудах , халуурах зэрэг өвчний ерөнхий шинж тэмдэг илэрнэ.

Өвчний болон амьдралын түүх:

·         Өвчин хэзээ ямар шалтгаанаар (хэт их биеийн болон сэтгэл санааны ачаалал авах, даарах, хоолой өвдөх, ханиад хүрсэн) ямар шинж тэмдгээр эхэлсэн, эмнэлэгт хэвтэхээс өмнө ямар эм хэрэглэсэн, үр дүн нь ямар байсан гэдгийг тодруулна.

·         Амьдралын түүх хэсэгт өвчтөний төрснөөс эхлээд эмнэлэгт ирж байгаа тэр мөч хүртэлх хугацааны ахуй, амьдралын онцлог, тухайн өвчин үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлсийг тодруулж бичнэ.Үүнд:

·         Удамшил

·         Амьдралын хэв маяг – хөдөлгөөний хомсдол, таргалалт, хооллолт

·         Ажил мэргэжлийн онцлог

·         Мэдрэл сэтгэхүйн байдлын онцлог

·         Хорт зуршил

·         Эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, төрөлт, цэвэршилт зэргийг асуух

·         Урьд өмнө нь өвчилж байсан өвчин эмгэгийг асууна.

Зүрх судасны эмгэгийн үед хийх ерөнхий үзлэгээр:

·         Өвчтөний биеийн байдал

·         Байрлал

·         Нүүр царайны илрэл

·         Биеийн галбир төрх

·         Арьс үзэгдэх салстын байдал

·         Хаван

·         Хуруу хумсны байдал зэрэгт үнэлгээ өгнө.

Зүрх орчим болон захын судсыг харах үзлэг:

·         Цээжний хэлбэр

·         Зүрхний оройн түлхэлт

·         Зүрх орчмын лугшилт

·         Захын судасны байдал, лугшилт дүүрэлтийг тодруулна.

Венийн судас тромбоор бөглөрөх, дарагдах үед цусны урсгал хэсэг газарт саатан, тэр хэсэгт нь венийн судас өргөсөх, хөөнгөтөн хавагнах шинж тэмдэг илэрнэ.

Дээд хөндийн венийн урсгал саатсанаас толгой хүзүү, дээд мөч , их биеийн урд хэсгийн венийн судас өргөснө.

Доод хөндийн венийн урсгал саатсанаас доод мөчдийн болон хэвлийн ханын венийн судас өргөснө.

Хаалган венийн урсгал саатсанаас хөндийн вентэй нийлэх хэсэгт буюу хүйс тойрсон венийн судас тахиралдан өргөсөж харагдахыг “caput Medusae” шинж гэнэ.

 

Багажийн шинжилгээ

 

Рентген шинжилгээ.

      Рентген шинжилгээнд зүрх судасны зураглалыг дүгнэхдээ захын хэсгийг дүрслэх нумын байдлаар үнэлдэг.Зүрх судасны рентген зураглалыг 3 байрлалд үнэлгээ өгөх боловч ихэнх тохиолдолд эгц байрлалаар зураг авдаг.

      Эгц байрлалд зүрх судасны сүүдрийн зүүн захад дөрвөн нум харагдана.Үүнд:

              I.        Нум- гол судасны уруудах хэсгээр үүсгэгдэх ба голын шугамнаас зүүн тийш 2-3 см зайд байрлана

            II.        Нум- уушгины артериар үүсгэгдэнэ

           III.        Нум- зүүн тосгуурын чихэвчээр үүсгэгдэх нум, 1- см урт, жижиг байдаг учир зарим үед харагдахгүй байж болдог.

          IV.        Нум- зүүн ховдлын зүүн урд ханаар үүсгэгдэнэ.

Эгц байрлалд зүрх судасны сүүдрийн баруун захад 2 нум, харагдана.Үүнд:

                      I.        Нум- судасны багцаар үүсгэгдэх нум, энэ нь бага насны хүүхдэд голдуу дээд хөндийн венээр үүсгэгдэх ба нас ахих тусам энэ нум нь гол судасны өгсөх хэсгээр үүсгэгдэнэ.

                    II.        Нум- баруун тосгуураар үүсгэгдэнэ.

 

Зүрхний цахилгаан бичлэг.

            Зүрхний үйл ажиллагааны дүнд үүссэн цахилгаан потенциал бүх биеэр тархдаг.Энэхүү цахилгаан потенциалын ялгаврыг биед байрлуулсан электрод бүхий цахилгаан мэдрэг багажийн тусламжтайгаар биеийн гадаргуугаас хүлээн авч түүнийгээ цаасан дээр буулгаж , бичиж тэмдэглэх аргыг электрокардиограм ЭКГ гэнэ.

            Зүрхний цахилгаан бичлэг нь зүрхний булчингийн автомат сэрэх, дамжуулах чанарыг бүрэн илрүүлж чаддаг оношилгоо шинжилгээний чухал аргын нэг юм.

ЗЦБ-ийн холболт ба үндсэн үзүүлэлт:

1.    Хоёр туйлт үндсэн холболт. 1,2,3 гэсэн стандарт холболт байдаг.1-р холболтын үед аппаратын сөрөг электродыг баруун гарт, эерэг электродыг зүүн гарт 2-р холболтонд сөрөг электродыг баруун гарт, эерэг электродыг зүүн хөлд 3-р холболтын үед сөрөг электродыг зүүн гарт, эерэг электродыг зүүн хөлд тус тус холбоно.

2.    Мөчдийн хүч нэмэгдүүлсэн холболт. Энэ нь хүчдэлийг нэмэгдүүлж өгдөг “augmented-нэмэгдүүлсэн,voltage-вольт (aVR, aVL, aVF)холболтуудтай байдаг.Энэ холболтын гол онцлог нь тухайн мөчдөд эерэг туйл холбож өгдөг.

3.    Цээжний холболт. Бүртгэгч электродыг цээжний аль нэг хэсэгт бэхлээд, ЗЦБ-ийн аппаратын эерэг туйлтай холбоно.

Хэвийн үед ЗЦБ-т дараах үзүүлэлтүүд бичигддэг.

 

 

IMG_0861.JPG

 

   Зүрхний хэвийн цахилгаан бичлэг

 

 

·         Р шүд- үргэлжлэх хугацаа 0,10 сек, далайц 1,5-2,5мм тосгуурын агшилтын үед тосгуурын булчингийн ширхгийн мембранд деполяризаци үүсэхэд бичигддэг.

·         QRS бүрдэл- ,08-0,10 сек ховдлыг булчингийн агшилтын үед ховдол деполяризацид орсноос бичигдэх ба энэхүү бүрдлийн Q шүд үргэлжлэх хугацаа 0,03 сек, далайц нь 2мм буюу R шүдний далайцын 1-тэй тэнцүү байдаг нь ховдол хоорондын таславчийн орой хэсэг сэрэлд орсноос R шүд үргэлжлэх хугацаа 0,04 сек, далайц мөчдийн холболтонд 20 мм-ээс , харин цээжний холболтонд 25 мм-ээс ихгүй байх нь ховдлыг орой хэсаг болон гадаргуугийн деполяризаци , S шүд үргэлжлэх хугацаа 0,06 сек, далайц  20 мм-ээс бага байх нь ховдлын суурь хэсэг сэрэлд орсныг илэрхийлдэг.

·         Т шүд- үргэлжлэх хугацаа 0,10-0,25сек, далайц нь мөчдийн холболтонд 3-6 мм , макс-8 мм , цээжний холболтонд 6-7 мм, заримдаа 10-18мм өндөр нь ховдол нь сулрах үед буюу ховдлын булчингийн ширхэгийн мембраны деполяризацийн үед бичигдэнэ.

·         PQ болон ST хэсэг нь зүрхний булчингийн аль ч хэсэгт цэнэгийн ялгаа байхгүй болсон тохиолдолд PQүргэлжлэх хугацаа 0,12-0,20 сек буюу ST үргэлжлэх хугацаа 0,06секхэсэг цахилгаан саармаг шугам дээр бичигдэнэ.

·         Т-Р хэсэг нь зүрхний тайван байх үеийг заах бөгөөд энэ үед зүрх идэвхигүй байдлаар цусаар дүүрэх үе юм.

 

ЗЦБ-т үнэлгээ өгөх: 

Зүрхний автомат тогтолцооны сэрэл хаанаас үүсч байгааг, зүрхний хэмнэл, давтамж, зүрхний булчингийн агшилтын далайц,зүрхний цахилгаан тэнхлэг буюу зүрх цээжний хөндийд ямар байрлалтай байгааг, дамжуулалтын тогтолцооны байдал, зүрхний булчингийн томрол байгаа эсэх, булчингийн цусан хангамжийн байдал зэрэг гол үзүүлэлтүүдийн үнэлдэг.

Ш  Хэм алдалт: Синусын зангилаанаас үүсч буй сэрлийн давтамж алдагдахыг синусын аритми, синусын брадикарди,эсвэл синусын тахикарди гэнэ.

Ш  Зүрхний булчингийн зузаарал: Гипертрофи гэдэг нь зүрхний булчингийн жин нэмэгдэх, булчингийн ширхэгийн тоо олшрох, цуллаг байдал ихсэхийг хэлнэ.Зүрхний булчингийн томорсон хэсгийн цахилгаан идэвхижил ихэсдгээс , тэр хэсгээрээ сэрлийн импульсийн дамжуулалт удааширдгаас , томорсон зүрхэнд  зүрхний  булчингийн цусан хангамжийн дутагдал, тэжээлийн алдагдал, хатуурал, бодисын солилцооны өөрчлөлт дангаараа болон хавсарч тохиолдоно.

Ш  Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал: Зүрхний булчингийн тодорхой хэсэгт цусан хангамж түр дутагдсанаас , тэр хэсэгт гипокси үүсэж, үүнээс үүдэн бодисын солилцооны түр зуурын алдагдалд хүргэхийг миокардын ишеми гэнэ.Зүрхний булчингийн цусан хангамж дутагдлын архаг хэлбэрийн үед ЗЦБ-т RS-T сегмент болон Т шүдний өөрчлөлт илэрнэ.Зүрхний булчингийн цусан хангамж дутагдал аль хэсэгт байгаа нь цээжний холболтуудад илүү тод бичигддэг.

Ш  Зүрхний булчинд цусан хангамж хурцаар дутагдан зүрхний булчинд үхжил үүсэн, эргэшгүй өөрчлөлтөнд орохыг зүрхний шигдээс гэдэг.Энэхүү үхжил болсон хэсэг деполяризацид орохгүй учир тухайн хэсэг газарт ямар ч сэрэл дамжихгүй учир эмгэг Q шүд илэрч, R шүд намсана.Шигдээсийн байрлал, гүн,талбайн гэмтэл зэргээс хамаарч Q шүдний илрэл харилцан адилгүй байна.

 

ЭМШУИС-ИЙН НАСС-308:      Г.ТУНГАЛАГ

 


Сэтгэгдэл үлдээх

11:36 , 2015-11-03 .. Бичсэн: sainaa (зочин)
алга ташилт

05:21 , 2012-12-09 .. Бичсэн: баярмаа (зочин)
сайн байнаа ажилт хүсье


05:21 , 2012-12-09 .. Бичсэн: баярмаа (зочин)
Аус оюутан баярлалаа


ярзайтал инээх

20:43 , 2012-03-04 .. Бичсэн: otgoo (зочин)
гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax